10+ жил бэлдээд IELTS 7 авсан нь 😅

Gunsenkhorol Battumur
5 min readJun 4, 2023

--

Эндээс авч үлдээсэй гэсэн гол мессеж маань:

  • IELTS өгөх “өөрийнхөө шалтгаан”-аа эхлээд олоорой. Чин хүсэл зорилго байхад үлдсэн нь аяндаа болно доо.
  • Хэрэглээг шалгадаг гэж үнэн юм байна 🤭 Өдөр тутамдаа англи хэл дээр уншдаг бол унших дээр сайн оноо авна, ярьдаггүй бол яриандаа сул оноо авна.
  • Юу юугүй баахан ном битгий хэвлээрэй, хогны нэмэр. Хэвлэсэн номнуудаа бараг л ашиглаагүй ххэ.
  • Хажуугаар нь сэтгэл зүйгээ бэлдээрэй. Хэчнээн англи хэл чинь сайн байсан ч төвлөрч чадахгүй, хэт сандрах бол шалгалтын амжилтад шууд нөлөөлнө.

Би өмнө нь бараг 3 удаа IELTS өгөх гэж захиалаад, цуцлаад нэлээн хэдэн төгрөгөөр шатсан байдаг юм аа. Нууцаа задлав 😆 “Өгөх хэрэгтэй гэнэ” гээд шалтгаан нь бусдаас хамаараад байсан болохоор тэгээд байж. Гэтэл цаашид мэргэших чиглэлээ олоод, сурах хэрэгцээ дотроос гараад ирсэн чинь шалгалтдаа бэлдэхгүй байх мянган шалтгаанууд зүгээр л шалтаг байсныг ойлгосон. Тэгэхээр яг өөрөөс төрж буй хүсэл, хэрэгцээ чухал аж.

1 сар бэлдээд IELTS-д 7+ авлаа гэсэн постууд зөндөө л харж байлаа. Миний хувьд яаааг үнэндээ англи хэл сурч эхэлснээс хойшхи бараг 10+ жилийн хичээл зүтгэлийн маань үр дүн. Ямар замыг туулж хүссэн оноогоо авсан бэ гэхээр:

Шалгалтад бэлдэж эхлэхээс өмнө

  • Reading/Listening: Өөрийн сонирхдог чиглэлээр англи хэл дээрх нийтлэл, ном уншиж, влог, подкаст сонсдог байсан нь эдгээр чадварууд дээр 7.5+ оноо авахад шууд нөлөөлсөн. Сонирхсон сэдэв, түвшиндээ тааруулаад номоо сонгоод уншиж бас сонсож болдог Xreading их дажгүй. Lingors-оор дамжуулж худалдаж авч болно, 1 сарын эрх нь 27к юм байна.
  • Writing: Шууд эсээ бичиж чадахгүйгээс хойш бага багаар өдөр тутмын бичдэг зүйлсээ англи хэл дээр болгож байжээ. Бүүр анх how to… гээд буруу, зөв хамаагүй их гоогледдэг байж. Хийх зүйлсийн жагсаалт, өдрийн тэмдэглэл, и-мэйл зэргээ болж өгвөл англи хэл дээр бичдэг байсан нь бас хэрэг болсон байх аа :)
  • Speaking: Хамгийн муу оноо авсан /6/, хамгийн хэрэглээ бага чадвар маань. Энэ дээр бичих юм олдсонгүй 😂
  • Бусад: 7, 8 жилийн өмнөөс эхлээд саяхныг хүртэл BBC Learning English — BBC Learning English — Homepage энэ сайттай их нөхөрлөсөн. Түвшин, чадвар бүрээр хичээл байдаг. Хичээлүүд нь ч богино, бас сонирхолтой. Суурьтай англи хэлтэй бол энэ сайт дээрх хичээлийг үзээд явбал ер нь дажгүй сайжирна.

Шалгалтад бэлдэх үеэр

  • Эхлээд бэлдэх төлөвлөгөө гаргасан. ЭНД ДАРЖ харах боломжтой.
  • Reading
  1. 11 төрлийн асуулт тус бүр дээр ямар тактиктай ажиллах талаар сурсан. Ашигласан номуудыг ЭНД ДАРЖ татаж авах боломжтой.
  2. Cambridge 17-оос reading tests-ийг цагтай ажилласан. Ингэхдээ аль асуултын төрөл дээр илүү ажиллах хэрэгтэй, ямар алдаанууд гаргаад байна гэдгээ хянахаар excel sheet дээр тэмдэглэдэг байсан.
  3. IELTS computer өгөх учир асуултын төрөл тус бүр ямар форматтай ирдгийг мэдэж авахаар practice tests-ийг эндээс ажилласан.
  4. Яаж алдаж байсан бэ гэхээр эхэндээ текстээ бүгдийг нь уншиж ойлгочхоод хариулах гээд зүтгээд байдаг байсан нь цагтаа амжихгүй байхад хүргэдэг байсан юм билээ. Янз бүрээр оролдсоны эцэст эхлээд асуултаа хариулттай нь, дараа нь текстээс тэр хэсгийг нь олоод тэгээд хариугаа олох нь надад их таарсан. Шалгалтын үеэр бүр хугацаанаасаа өмнө дуусаад шалгах ч цаг гарсан. Тэгэхээр өөрт таарах аргаа олох нь чухал юм билээ.
  • Listening
  1. Дээрхтэй ижил тактикаар бэлдсэн. Ашигласан номыг энд бас энд дарж, excel sheet-ийг эндээс, IELTS computer practice tests-ийг эндээс
  2. Яаж алдаж байсан бэ гэхээр ярьж байгаа зүйлийг нь бүгдийг ойлгох албагүй юм байна лээ. Саяны хэсгийг ойлгосонгүй гэж байтал нэг асуулт нь өнгөрчихнө, тэгээд тэрэн дээрээ гацаад хэд хэдэн асуултын хариултаа алдчихна. “Нэг асуултан дээр битгий гац, цаашаа үргэлжлүүл. Цаг алдаж олныг алдсанаас нэгийг алдаад, дараа нь таасан нь дээр” гэдгийг л их ойлгосон доо. Энэ нь Reading дээр ч мөн адил.
  • Writing
  1. Alex Kim багшийн IELTS сургалт writing-д түлхүү төвлөрсөн байсан. Эндээс зүг чигээ олж авсан.
  2. Task 1-ийн төрөл тус бүр дээр жишиг эсээ уншиж, бүтэц, түгээмэл хэрэглэгддэг үг хэллэгийг сурсан. ЭНД ДАРЖ ашигласан номыг татаж авах боломжтой. Үүний дараа жишиг эсээг уншихаасаа өмнө цаг тавьж байгаад өөрийнхөөрөө бичээд дараа нь жишиг эсээтэй харьцуулаад, эргээд сайжруулж бичиж байсан. Энэ ёстооооой их хэрэг болсон. Өөрөө бичиж, харьцуулж байж л алдаагаа олж хардаг юм байна лээ. Шалгалт өгөхөөс өмнө төрөл тус бүр дээр ядаж нэг, нэг удаа ингээд бичвэл зүгээр санагдсан.
  3. Task 2-ийн төрөл тус бүр дээр эхлээд бүтцийг нь сурсан. ЭНД ДАРЖ ашигласан номыг татаж авах боломжтой. Task 2 дээр бол яалтачгүй багшаар хянуулж, зөвлөгөө авах хэрэгтэй санагдсан, тэгээд italki гээд сайтаас IELTS examiner байсан Peter Ferry гээд багшийн speaking+writing correction хичээлийг авсан. 60 мин яриа, 2 эсээ хянуулах нийлээд 29$. Энэ мааааш их хэрэг болсон. ЭНД ДАРЖ миний эсээг яаж засаж өгч байсныг харах боломжтой. Бичихээс өмнө санаагаа олох гэдэг нэг бэрхшээл байдаг даа, тиймээс түгээмэл ирдэг сэдвийн хүрээнд ямар санаа дэвшүүлж бичих боломжтойг жишээ эсээнүүдээс, мөн энэ Youtube сувгаас сонсдог байсан.
  4. Яаж алдаж байсан бэ гэхээр task 2 дээр үг хэллэг цээжилмээргүй юм байна гэдгийг Peter багшаас сурсан. /жишээ нь эсээгээ эхлүүлэхдээ “There is a growing debate…” гэх мэт/ Цээжилсэн зүйлээ бичиж байгааг шалгагч нар spot хийхдээ маш сайн, энэ нь эргээд оноонд сөргөөр нөлөөлөх ч магадлалтай. Тиймээс “буруу хэв маягаар биччих вий гэж санаа зоволтгүй шууд naturally бичих, хүн бүрийн бичих хэв маяг өөр, минийх ч содон гэсэн хандлагатай байх” гэдгийг энэ багшаас их ойлгосон.
  • Speaking
  1. Хамгийн муу оноо авсан хэсэг маань л даа. Гэхдээ огт хэрэглээ байхгүй надад Keith гээд багшийн цахим сургалт өөртөө илүү итгэлтэй ярихад маань их тус болсон. Дотроо part 1–3 тус бүрд түгээмэл ирдэг сэдвээр хичээлүүдтэй. Хичээлийн бүтэц нь (1) жишиг асуултад өөрийнхөөрөө хариулна, (2) багшийн хэрхэн хариулсныг сонсоно, (3) өөрийнхөө хариултад ашиглаж болох холбоо үгнүүдийг practice хийнэ /mp3-аар татаж аваад автобусанд, гадуур явж байхдаа сонсох боломжтой, энэ бүр маааш их тус болсон/ (4) сурсан холбоо үгсээ ашиглаад ижил асуултад дахин хариулна. Мөн сар бүр 2 удаа zoom-ээр бусад хүмүүстэй practice хийх боломж олгодог.
  2. Яаж алдаж байсан бэ гэхээр эхлээд жишиг хариултууд олоод цээжлэх гэж үзэж байлаа. Гэтэл эргээд энэ нь сандрах, өөрийнхөөрөө сэтгэж ярьж чадахгүй байхад хүргэх юм билээ. Гол нь бид нарын хэрэглээг шалгаж байтал цээжилсэн юмаа ярихаар угаасаа баригддаг, тэгээд доогуур оноо өгдөг. Тэгэхээр цээжлэхдээ бус хэрэглээндээ л анхаарах хэрэгтэй юм байна лээ.
  • Бусад: Mock tests сарын өмнөөс эхлээд долоо хоногт 1 удаа өгч байсан, шалгалт өгөх үеийн сэтгэл зүйгээ дасгахад хэрэг болсон. Golden compass, Faro 2 дээр өгч байсан. Faro-ийн хариутай жинхэнэ шалгалтын хариу нэлээн дөхсөн. Golden compass-ээс шалгалтын хариу ирэхээр л speaking оноогоо хараад гонсойгоод байсан чинь ярианы шалгагч арай л доогуур оноо өгөөд байсан байна лээ.

Энэ бүгдтэй энэ тэнцэх нэг чухал бэлтгэл нь сэтгэл зүй. Нэг талаас IELTS бол анхаарал төвлөрөлтийн шалгалт гэж хэлж болохоор. Шалгалтад бэлдэх үедээ амьсгалын дасгалууд /жишээ нь, 4–4–4–4/, шалгалтаа амжилттай өгч буйгаар төсөөлөх бясалгал, дээрээс нь аль болох дасгал хөдөлгөөнтэй, эрүүл хооллохыг хичээж байсан нь тодорхой хэмжээнд нөлөөлсөн гэж боддог.

За энэ хүргээд дуусгая даа, нэг ч болов хүнд хэрэг болох байх, хуваалцах сан гэж бодож, бодож бараг 2 сар өнгөрч. Дэлгэрүүлж асуух зүйл байвал нээлттэй шүү. Амжилт 😊

--

--

Gunsenkhorol Battumur

Хүн бүрд хуваалцах үнэ цэнтэй үзэл бодол, туршлага байдаг. Яагаад гэвэл бүгд өөр өөр замыг туулж амьдарч байгаа шүү дээ. Тэгээд л блогоо нээхээр шийдлээ :)