30 настай өөртөө бичих захиа

Gunsenkhorol Battumur
4 min readJun 11, 2023

--

Оюутан байхдаа танил эгчийнхээ “30 настай өөртөө бичих захиа”-г уншаад “ингэж бичих сэн” гэж бодсоноос хойш 3 жил өнгөрчээ. Одоо цаг нь иржээ 😊 Gmail-дээ 30 насныхаа төрсөн өдрөөр мэйл ирэхээр тохируулчихлаа.

Сайн уу, Гүнсээ? 5 жилийн дараах чамдаа захидал бичиж сууна. Хамгийн гол нь эрүүл байгаа биз дээ? Хооллолтдоо анхаардаг, дасгал хөдөлгөөнтэй хэвээр байна гэж найдаж байна. Гэхдээ хэмжээ тунг нь тааруулаарай. Хааяадаа ачааллаа хэтрүүлээд өвдөг нтрээ гэмтээх гээд байдаг талтай шүү. Янз бүрийн спортуудад, бас урлагт өөрийгөө сорьсоор, шинэ хүрээлэлтэй болсоор л байгаарай, ингэхдээ чи happy байж чаддаг шүү. Жилдээ ядаж 1 удаа эрүүл мэндийн үзлэгт орж байгаа биз? Аан тийм, mindfulness бясалгалыг тогтмол хийдэг болсон байгаасай гэж хүсэж байна. Сэтгэл зүйгээ дэмжихээр хийдэг зүйлсээ бүү орхигдуулаарай. Өглөөг үр бүтээлгүй эхлүүлээд байвал, шинэ юм сурсан юм шиг санагдахгүй байвал, нийгмийн харилцаанд орохгүй удсан байвал эсвэл хэт их идэвхтэй байж ганцаараа байх цаг гарахгүй байвал, хийнэ дээ гэж бодсон зүйлээ хойшлуулаад яваад байвал стресстэх гээд байдаг шүү чи.

Нөхөртэй болсон уу? Болоогүй байсан ч зүгээр дээ, still залуу байна. Барагтаа хүнд сэтгэл алдардаггүй, алдрахаараа гүн, хэт түргэдээд хамаг сэтгэлээ зориулах гээд байдгийг чинь мэдэж байнаа. Юутай ч энэ тал дээр одоогоор ойлгосон зүйл маань “Чамд цаг хугацаа, энергиэ тууштай зарцуулдаггүй буюу нэг гайгүй болоод, нэг алга болдог, зүгээр л “байж болох нэг хувилбар/сонголт” гэж ханддаг хүмүүсээс хайран энерги, цаг хугацаагаа харамла. Чихэнд цэцэг ургуулж байгаад нь биш үйлдлээрээ харуулж байна уу гэдгийг чухалчил. Үнэ цэнийг чинь харж чадахгүй байгаа хүнд чи баталж харуулах гээд байх шаардлагагүй, бас үнэ цэнээ доошлуулах ч хэрэггүй. Ийм бол зүгээр л орхи, амьдрал үргэлжилдгээрээ үргэлжилнэ” Хэрвээ нөхөртэй болчихсон байгаа бол чамайг харилцаан дээрээ анхаарсаар, энд тэндээс сурсан зүйлээ хэрэгжүүлэхийг хичээж байгаа гэж найдаж байна. Төгс байхгүй гэдгийг чинь мэдэж байна, асуудал байж л таараа, гол нь тэр бүрд “Би угийн ийм. Намайг байгаагаар минь хүлээн зөвшөөр” гэж хандалгүй, эгогоо дараад, бууж өгөөд “юу билээ нээрэн?” гээд өөрийгөө хөндлөнгөөс хараад, өчигдрөөсөө илүү сайжрахад бие биедээ нөлөөлөөд яваарай гэж захья. Бас урлагтай муудалцахыг хичээдэг байгаарай ххэ, юу гэсэн үг вэ гэхээр дийлэх гэж биш “аан чи ингэж боддог юм байна, би тэгвэл ингэж боддог, аль аль талаас нь харвал…” гээд хоёулаа нэгдсэн дүгнэлт, ойлголтод хүрдэг байхаар муудалцахыг хичээгээрэй. Мэдрэмжээ хуваалцдаг, илэн далангүй ярилцдаг, хэчнээн дургүйг чинь хүргэсэн ч тайван болсныхоо дараа хэлдэг/ярьдаг байгаарай даа, энэ тал дээр дутагдал бий шүү.

Хүүхэдтэй болсон уу? Аяаяа, энэ их чухал үүрэг шүү, зүгээр нэг “эд зүйл” биш бүхэл бүтэн “хүн” бүтээнэ гэдэг. Чамайг оюутан байхаасаа л хүүхэд хүмүүжлийн чиглэлээр уншиж, сонссоор ирснийг чинь мэдэж байнаа, хүүхэдтэй болсон ч болоогүй ч үүнийгээ үргэлжлүүлсээр, суралцсаар л байгаарай. Хэрвээ хүүхэдтэй болсон байгаа бол шошго өгч л шүүмжилж болохгүй шүү, Гүнсээ минь, дүүдээ чи хааяа тэгэх гээд байдаг шүү. Хүүхэд өөрийнхөө талаар юуг сонсож өснө, тэрэн шигээ л болно. “Чи залхуу, эмх замбараагүй” бла2 гээд шүүмжлээд байх тусам өөрт нь “аан би залхуу юм байна” гэсэн identity үүсгээд эцэст нь шүүмжилсэн шигээ болгоно л гэсэн үг. Гуйя, энэ дээр л их анхаараарай. Аан бас, хэчнээн дургүй чинь хүрсэн ч, уурласан ч орилж хашхирч загнахаа урд болголгүй, хэд сайхан гүнзгий амьсгал авч эсвэл өөр зүйл хийж тайвширчхаад тэгээд “Ээжид нь энэ үйлдэл чинь ингэж санагдлаа. Уг нь миний охин/хүү тэгэхээрээ ингэж чаддаг даа. Дараа нь тэгэхийг хичээгээрэй” гээд энгийн өнгө аясаар аятайхнаар хэлээрэй, чи үлгэр дуурайлал нь шүү.

Ямар ажил хийж байгаа вэ? Чамайг wellbeing чиглэлээрээ ажиллаж байгаасай гэж хүсэж байна. Энэ чиглэлээр аль хэдийн магистераа Flinders University-дээ хамгаалчихсан байна гэж итгэж байна. Боловсролын салбарт mental health-ийг дэмжихэд эцэг эх, багш, сурагчдын оролцоог хангах сургалт, хөтөлбөрүүд дээр ажиллаж байна байх. Эсвэл аль нэг их сургуульд оюутнуудын сайн сайхан байдлыг дэмжих үйл ажиллагаануудыг зохион байгуулж байна байх. Өглөө нь ажил руугаа сэтгэл дүүрэн явдаг, орой нь “Цаг ямар хурдан өнгөрчихөв өө” гэж хэлээд харьдаг ийм л зүйлээ хийж байна, хийхийн төлөө хичээсээр байна гэж найдаж байна шүү. Чи чаднаа 💪💪💪

Аан тийм, санхүү чинь ямархуу байна даа? Одоогийнх шигээ зардал дээрээ хяналттай байна гэж итгэж байна. Гэхдээ зөвхөн хадгаламж гээд байлгүй хөрөнгө оруулалтын мэдлэгээ дээшлүүлээд олсон мөнгөө үр дүнтэй өсгөдөг болсон байгаасай гэж хүсэж байна. Ядаж л доллар өсөх хандлагатай эсэх талаар судлаад төгрөгийн хадгаламжаа доллар болгодог ч юм уу наад захын ийм юм сонирхоод, судлаад яваасай. Энэ тал дээр хайхрамжгүй байх гээд байдаг шүү Гүнсээ минь. Үндсэн ажлаасаа гадуур нэмэлт орлоготой болох тал дээр бас эрэлхийлж байвал сайн сан.

Юутай ч чамайг хичээсээр яваа гэдэгт бол бүрэн итгэлтэй байна. Хэлэх дуртай үгээр чинь захидлаа дуусгая: “Чадна гэж бодвол чиний зөв, чи чадна. Чадахгүй гэж бодвол бас л чиний зөв, чи чадахгүй”

--

--

Gunsenkhorol Battumur

Хүн бүрд хуваалцах үнэ цэнтэй үзэл бодол, туршлага байдаг. Яагаад гэвэл бүгд өөр өөр замыг туулж амьдарч байгаа шүү дээ. Тэгээд л блогоо нээхээр шийдлээ :)