Single байх богинохон хугацаагаа урт удаан, эрүүл харилцаа үүсгэхэд бэлдэх нь

Gunsenkhorol Battumur
3 min readJun 18, 2023

--

“Хайрын 8 зарчим” номын бүлэг бүрээр хөтөлж буй тэмдэглэлээ эхний зарчим болох “Ганцаараа бай”-аар үргэлжлүүлж байна.

Энэ бүлгээс тодруулж үлдээсэн гол хэсгүүдээ буулгавал:

  • Single байхаас айдаг хүмүүс яаран бусадтай харилцаа эхлүүлбэл хамтрагчаасаа хэт хамааралтай, харилцаа toxic байсан ч салахгүй байх магадлал өндөртэй байдаг.
  • Өөрийгөө хайрлаж сурах нь бусдыг хайрлахад хэрэгтэй ур чадвар болох бусдын сэтгэл хөдлөлийг мэдрэх, бусдыг өөрийнхөө оронд тавьж үзэх, тэвчээртэй байх зэрэг чадварт суралцуулдаг.
  • Өөрийнхөө зан чанар, үнэт зүйл, зорилгоо мэддэг байвал бусадтай зохицон амьдрахад амар, харилцаагаа эрүүл байлгаж чадна.

Саяхан л “Юугаа ч мэдэхгүй жаахан байхаасаа үерхээд, суучихсан хүмүүс зүгээр ч юм уу, нас явах тусам хаширлаад байдаг бололтой” гэж ярьж явлаа. Гэхдээ сайтар бодоод үзтэл энэ нь эрүүл бус харилцаанд, цаашлаад салалтад ч хүргэх магадлал өндөр юм шиг ээ. Наад захын жишээ нь, сөрөг бодлоо, уураа, стрессээ яаж эрүүлээр тайлахад суралцаагүй байж эхнэр/нөхөр, ээж/аав болчихвол нөгөө л хэтийдсэн хардалт, гэр бүлийн хүчирхийлэл, нөгөө л trauma-тай хүүхдүүдийг бий болгох аж.

Ганцаараа байх хугацаа үнэндээ богинохон. Манай улсад эрэгтэйчүүдийн дундаж наслалт 67, эмэгтэйчүүдийнх 76. 30-тайдаа гэрлэвэл ≈40-өөд жил хосоороо амьдрах нь 😲 Тэгэхээр ганцаараа байх энэ богинохон хугацаагаа урт удаан, эрүүл харилцаа үүсгэхэд, өөртөө итгэлтэй, сэтгэл зүйн гэмтэлгүй хүүхэд өсгөж чадахдаа бэлдэх минь. Миний хувьд гэр бүлтэй болохоосоо өмнө өөрийнхөө дараах зүйлстэйгээ ажиллая гэж хичээж, заримыг нь бол бодож байгаа 😅

  • Эрүүл хооллох /Ялангуяа эмэгтэй хүний гарт гэр бүлийнх нь эрүүл мэнд байдаг гэж боддог. Эмэгтэй нь хүнсэндээ эрүүл сонголт хийдэг байх тусам нөхрийнх нь, хүүхдүүдийнх нь ходоод эрүүл, бие эрүүл байна. Тиймээс эхлээд өөрөө эрүүл хооллолтын талаар судалдаг, өөрөө эрүүл хооллодог байх нь чухал/
  • Яахаараа стресстээд байна, яаж эрүүлээр тайлахаа олох, түүнийгээ дадал болгох /Стресстэхээрээ архи уугаад, шоу цэнгээн хөөцөлдөөд, уур бухимдлаа орилж хашгичиж, юм эвдэлж хэмхэлж гаргаад байвал яаж эрүүл сэтгэл зүйтэй хүүхэд өсгөх вэ дээ/
  • Сөрөг бодол, мэдрэмжтэйгээ ажиллах /Харилцааны зарим асуудал зүгээр л хэн нэгнийх нь толгойд байгаа хий хоосон, ургуулсан бодлоос үүдэлтэй байдаг юм шиг/
  • Дургүйг маань хүргэсэн зүйлд, уурлаж бухимдсан үедээ шууд хариу үйлдэл үзүүлэлгүй, хэд сайхан гүнзгий амьсгал авч эсвэл өөр зүйл хийж тайвширчхаад ярих
  • Урлагтай муудалцаж сурах 😄 /тэс өөр орчинд өсч, хүмүүжсэн хүмүүст угаасаа санал зөрөлдөх зүйлс зөндөө гарч ирнэ, гэр цэвэрлэх, дэлгүүр хэсэх гэх мэт жижиг зүйлсээс эхлээд. Тухай бүрд дийлэх гэж биш “аан чи ингэж боддог юм байна, би тэгвэл ингэж боддог, аль аль талаас нь харвал…” гээд хоёулаа нэгдсэн дүгнэлт, ойлголтод хүрдэг байхаар муудалцахад сурах/
  • Өөртөө дуртай болох /зүс царай, бие хаагаас эхлүүлээд өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрөхийг нь зөвшөөрөөд, өөрчилж, сайжруулах боломжтойг нь сайжруулаад юутай ч заавал бусдаас validation хүсдэггүй, өөрөө өөртөө сэтгэл хангалуун байх хэмжээнд хүрэх/
  • Өөрийн гэсэн хоббитой, хүсэл зорилготой байх /Энэ номны “Нээрэн тийм юм байна” гэж уншсан хэсгүүдийн нэг нь “хэрвээ өөрөө өөрийнхөө юунд дуртайг мэддэггүй, өөрийн гэсэн хүсэл тэмүүлэлгүй бол эхнэр/нөхрийнхөө хувийн орон зай, хүсэл тэмүүллийг ойлгодоггүй, дэмждэггүй, өөрийг нь тоохгүй байна гэж гомдоллож өөрт нь цаг гаргахыг шаардаж эхэлдэг, тэд нараар л өөрийнхөө аз жаргалын аягыг дүүргэх гээд байдаг”. Гэр бүлтэй, хүүхэдтэй болохоосоо өмнө аль болох олон спорт, урлагт өөрийгөө сорьж, шинийг сурч, олон газар явж, олон хүмүүстэй уулзаж, зорилгынхоо төлөө алхам хийж, сүүлд хараад харамсахааргүй амьдрах юм сан л гэж хичээх юөөм.

Саяхан нэг танилтайгаа ярилцаж байхад “бид 2 уг нь бие биедээ их хайртай, гэхдээ өөрсдийгөө сайн таниагүй, өөрсөдтэйгөө сайн ажиллаагүй байснаас үүдээд нэг нэгнийгээ их зовоогоод байсан учир салсан” гэж билээ. Тэгээд л би хүчлэх гээд байсан харилцаагаа больж, зүгээр л хоёр талдаа сайхан өөр өөрсөдтэйгөө ажиллая даа, яарвал эцэстээ нөхцөл байдал эсрэгээрээ эргэх юм байна. Нөхцөл байдлыг байгаагаар нь л хүлээж авч, байгаагаар нь байлгах нь энэ цаг хугацаанд хийх зөв сонголт юм уу даа гэж бодсоон.

--

--

Gunsenkhorol Battumur

Хүн бүрд хуваалцах үнэ цэнтэй үзэл бодол, туршлага байдаг. Яагаад гэвэл бүгд өөр өөр замыг туулж амьдарч байгаа шүү дээ. Тэгээд л блогоо нээхээр шийдлээ :)