Gunsenkhorol Battumur
4 min readJul 25, 2023

Арван хоног агуйн амьдралаар амьдарсан нь

Зун болсон ч Гүнсээгийн "хаваршилт" саяхныг хүртэл үргэлжилсээр л байлаа. Харин Випашяна бясалгалд суралцаж сэтгэлдээ "мөнхийн зун"-ыг авчрах эхлэлээ тавьлаа. Нэг ч болов хүн өөрийгөө сэтгэлийн гүнээс амар амгалан байлгах аргад суралцахад нь түлхэц болох юм сан гэсэн чин хүслээр нийтлэлээ бичиж сууна 😊

Бясалгалд хамрагдахаас өмнөх ба дараах би

Сүүлийн хэдэн сар бүтэхгүй байгаа дурлалдаа шаналж, шалгалт, тэтгэлгийнхээ хариунд санаа зовж, нөгөө сэтгэл зүйн эрүүл мэнд энээ тэрээ ярьж, бусдад заадаг Гүнсээ чинь өөрөө сэтгэл санаа нь тогтворгүй, юм л болбол бухимдаж эсвэл гуниглах гээд, янз бүр болсоор байсан юм. Тэгээд өөрийгөө завгүй байлгавал энэ бүхэн гайгүй болно гэж бодож аль болох нийгмийн харилцаанд орж (элдэв эвент, тэмцээн уралдаанд орж, гүйж хариаж, хүмүүстэй уулзаж, зугаалж...) ганцаараа байхдаа ч подкаст сонсож, дуу сонсож асуудалтайгаа нүүр тулахаас зайлсхийж явав. Гэтэл үр дүнгээ тийм ч сайн өгсөнгүй, өнгөц хэсгийг далдлах гэж өөрийгөө хуураад яваад байж. Яахав тухайн үедээ сайхан байх ч эргээд нөгөө л өмнөх таагүй мэдрэмжүүд төрж, нөгөө л сэтгэлийн зовнил, шаналал сэдрэн гарч түүндээ автсаар байлаа. "Мэдрэмж, сэтгэл хөдлөл түр зуурынх, байгаагаар нь байлга, аяндаа алга болно", "Таагүй санагдангуут бухимдаж, гуниглаж бүү шууд хариу үйлдэл үзүүл, мэдрэмжээ ажигла" гэх мэт зөвлөгөөг уншиж байсан ч амьдрал дээрээ хэрэгжүүлж чадахгүй байлаа. Харин энэ бүхнийг Випашяна бясалгал бие дээр мэдрүүлж, бодит туршлагаар танин мэдүүлснээр нөгөөх Гүнсээ таатай зүйлд шунан дурлахгүй, таагүй зүйл тохиолдоход зовлон шаналахгүй байж дотроосоо, гүнээсээ амар амгалан байх замаа эхлүүлсэн юм.

Випашяна бясалгал гэж юу БИШ вэ?

  • Шашны үйл биш. Ямар ч шашинтай огт холбоогүй. Та ямар ч шашин шүтдэг, эс шүтдэг бай хэн ч хамрагдах боломжтой
  • Ашиг хонжоо, нэр хүнд хайсан, төлбөртэй сургалт биш. Огт ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ, 10 хоног байрлах байр, хоол унднаас эхлээд шаардлагатай зүйлсээр хангана.
  • Өдөржингөө сургааль номлол, лекцээр нүдүүлэх сургалт биш. Бараг л 90 хувьд нь та өөрөө өөртэйгөө ажиллана. Эхний өдрийг багш ийн хэлж эхлүүлдэг "Хүн бие болон сэтгэлээс бүтдэг. Бид биеийнхээ хирийг тогтмол арилгасаар ирсэн ч сэтгэлийн хирээ үл ажирсаар ирсэн. Тиймээс энэ 10 хоног сэтгэлээ угаах болно"
  • 10 хоног үргэлжлээд л дуусчих сургалт биш. Гэртээ хариад үргэлжлүүлэн бясалгахад хэрэгтэй материалаар хангаж, хүсвэл та дахин хэдэн ч удаа хамрагдах боломжтой, илүү урт хугацааны бясалгалуудад ч хамрагдах боломжтой.

Ямар хүмүүст хэрэггүй вэ?

Ийм байсаар байя гэж хүсвэл битгий үүнд хамрагдаарай.

  • Хагацаж, салсан хүнээ санан үгүйлж өөрийгөө шаналгасаар байя
  • Нойрны асуудалтай хэвээр л байя
  • Хорт зуршил хэрэглэж өөрийгөө хордуулсаар байя
  • Бусад хүний үг, үйлдэл, нийгмийн асуудлаас болж стресстэж, бухимдсаар байя
  • Таргалалт, сахар, даралт гэх мэт өвчлөлтэйгөө найзалсаар л байя (Ихэнх өвчний шалтгаан нь явж явж ерөөсөө л сэтгэлтэй холбоотой юм билээ)
  • Өнгөрсөнд шаналж, ирээдүйд санаа зовж өөрийгөө зовоосоор л байя

Нэг өдөр яаж өнгөрдөг вэ?

Өглөө 4 цагт босно. 2 цаг зааланд бясалгачхаад 6.30 цагаас өглөөний цайгаа ууна. Өглөө, оройн цайнд ихэвчлэн будаатай шөл, талх/боорцог өгнө. "10 хоногийн туршид цагаан хоол иднэ" гэхээр хүмүүс "Ээ тэгвэл чадахгүй юм байна" гэдэг. Сэтгэлээ л бэлдчихвэл, шийдчихвэл чаддаг юм байна гэдгийг цаана чинь энэ бясалгалд суусан олон мянган хүмүүс харуулсан 😄 "Яаж 4 цагаас босно оо, яаж тийм эрт унтана аа" гэж айж байсан чинь цагаан хоол идээд байсан даа тэр юм уу огт асуудалгүй байсан. Тэгээд 1 цаг тутам завсарлаж бясалгасаар 11 цагаас өдрийн хоол (1, 2-р хоол)-доо орно. Сүүтэй будааханаар цагаан хоолыг төсөөлдөг байлаа, тэгтэл махтай хийдэг бүхий л хоолыг махгүйгээр дутахааргүй сайхан амттай хийж болдог юм байна. За тэгээд мөн завсарлагатай бясалгасаар 17 цагаас оройн цайндаа орно. Цайны завсарлага бүрийн дараа 1 цаг гаруйн хугацаатай амардаг, тэр үеэр унтаад, хэвтээд биеэ амраагаад авнаа бас 🙂 Оройн бясалгалаас гадна "номын айлдвар" болдог, миний хамгийн дуртай цаг маань. "Нээрэн тийм юм байна, ингэмээр юм байна" гээд л надад бол "Ухаарлын цаг". За тэгээд 21-21.30 унтацгаана даа.

Юу сурах вэ?
Энд хүнд хэцүү ажил юу ч хийхгүй, юм бичиж, уншиж ч болохгүй 10 хоног. Ердөө амьсгалаа, биед үүсэж буй мэдрэмжээ байгаагаар нь л ажиглана. Уг нь их амархан сонсогдох ч яг суугаад хийхээр их өөр. 1 цаг тасралтгүй сууна. Эхэндээ миний хөл хэсгээр бадаарч, чинэрч өвдөөд, тэсгэлгүй хөдөлж, хэд хэдэн удаа хөлөө амраадаг байж билээ. Тэгээд багшийн зөвлөснөөр "ёооё өвдөөд байна" гээд хариу үйлдэл үзүүлэлгүй байгаагаар нь ажиглаад байхаар аяндаа алга болно гэдгийг санаад тэсэж суусаар 3 дахь хоногоос өвчин нь арилчихсан. 10 дахь өдөр бусадтай ярьж болдог юм,
"Тамхи, архинаас гарсан, даралт, сахараа эмчилсэн, нурууны өвчнөөсөө салсан" гээд л түүхүүдийг бусад бясалгагч нараасаа сонссон. Яг ингэж л "бүх зүйл түр зуурынх, өвдөх нь жам, зовох нь таны сонголт" гэдгийг бие дээрээ мэдрүүлдэгт энэ бясалгалын ид шид оршдог юм байна. Уншаад хальт ойлгоод л өнгөрөхийг тань мэдэж байна, энэ бясалгалд сууж бие дээрээ мэдэрч, туршлагаараа танин мэдээсэй гэж чин сэтгэлээсээ хүсэж байна.

Хэзээ хамрагдах боломжтой вэ?
Ихэнх сард 2 удаа зохион байгуулагддаг. Энд дарж хуваарь болон дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой. Мөн энэхүү фэйсбүүк группт нэгдэж бусад хүний сэтгэгдэл болон сургалтын талаар мэдээлэл авах боломжтой шүү. Яг одоо дараад join хийгээд аваарай 😀

Сэтгэл санаагаа тордох гэж янз бүрийн л зүйл рүү үсчиж явлаа. Тодорхой хэмжээнд, тодорхой хугацаанд үр дүнгээ өгч байсан ч үүн шиг гайхалтай арга зам байсангүй. Өглөө, оройны бясалгалаа тогтмол хийж, боломж нь л олдвол дахин дахин хамрагдсаар байхаар сэтгэл шулуудсан билээ. Тодорхой хугацаанд бясалгалаа тогтмол хийгээд гарсан үр дүнгийн тухай нийтлэлээрээ хуваалцанаа 🙂

Олон хүн энэхүү бясалгалд хамрагдаж, өөрөө өөрийгөө сэтгэлийнхээ гүнээс амар амгалан байлгах аргад суралцаасай 🙏🙏🙏

Gunsenkhorol Battumur

Хүн бүрд хуваалцах үнэ цэнтэй үзэл бодол, туршлага байдаг. Яагаад гэвэл бүгд өөр өөр замыг туулж амьдарч байгаа шүү дээ. Тэгээд л блогоо нээхээр шийдлээ :)