Одоо➡ирээдүй рүү бус ирээдүй➡одоог харах нь

Gunsenkhorol Battumur
2 min readMar 17, 2024

--

Сүүлийн үед көүч Амартүвшин ахыг крашлаад 😛 оролцсон подкастыг нь түүж сонсов оо. Подкаст болгон дээрээ зарчим, үнэт зүйлээ тодорхойлохын чухлыг ярьдаг. Ингэхдээ “би ирээдүйд тэгнэ, ингэнэ” гэж биш “би ирээдүйд тэд, тэдэн насандаа тийм хүн байна, тэгэхээр одооноос ийм зүйлд анхаарна” гэж тодорхойлох нь үр дүнтэй гэсэн санааг хэлсэн юм. Туршаад үзтэл их дажгүй санагдсан тул өөрөөсөө асуусан асуулт болон хариултын зарим хэсгээс хуваалцъя.

  1. Оршуулгаа ямар байгаасай гэж хүсэж байна вэ?
  • Буяны цугласан мөнгөөр хүмүүст хэрэггүй юм өгч байхаар магадгүй миний блогдоо бичсэн нийтлэлүүдийг ном болгон хэвлээд өгөөсэй гэж хүсэж байна. Тэгэхээр блогоо өөрийн туулж мэдсэн зүйлсээ бичиж үлдээдэг орон зай болгоё, тогтмол нийтлэл бичье. Би, миний эд хэрэгслүүд байхгүй болсон ч биеэрээ туулсан, олж мэдсэн туршлагаа цахимд үлдээх нь чухал юм байна.

2. Хэд насалмаар байна? Тэтгэвэрт гарснаасаа хойш нас бартлаа ямар байгаасай гэж хүсэж байна вэ? (63–90 нас)

  • 90 насална аа 😊 Гэртээ суугаад л байдаг эмээ биш ямар нэгэн community-ийн нэг хэсэг байж, залуучуудаас суралцаж, тархиа хөгжүүлсээр байгаасай. Тэгэхээр одооноос сонирхлынхоо дагуу бүлэг/клубийн хэсэг байж, тууштай, идэвхтэй байгаарай.

3. Тэтгэвэрт гарахын өмнөх жилүүдэд буюу 49–63 насандаа ямар байгаасай гэж хүсэж байна вэ?

  • Юуны түрүүнд элдэв янзын өвчин ярьдаггүй байгаасай, ялангуяа зүрх судас, ходоод гэх мэт монголчуудын дунд түгээмэл өвчнөөс ангид байгаасай. Тиймээс одооноос тэнцвэртэй хоол, 7+ цагийн нойр, дасгал хөдөлгөөн, бясалгал, жилд 1 удаа урьдчилан сэргийлэх үзлэгт орохыг дадал болгох дээр анхаараарай.

4. 35–49 насандаа ямар байгаасай гэж хүсэж байна вэ?

  • Жилд 1 удаа аялдаг байгаасай. Тэгэхийн тулд одооноос мөнгөө хуримтлуулдаг, зардлаа хянадаг дадлаа тасралтгүй хэрэгжүүлээсэй.

5. 25–35 насандаа ямар байгаасай гэж хүсэж байна вэ?

  • Амьдралын чухал сонголтын нэг болох сайн хань ижил дээр анхаараасай. Гадаад төрх, нас, боловсрол эзэмшсэн байдал гэх мэт шинж чанараас илүү зан чанар, үнэт зүйл гэх мэт мөн чанарыг нь танихыг илүүд үзээсэй, үгээс илүү үйлдэлд нь анхаараасай, анзааргатай бас open байгаарай гэж өөрөөсөө хүсье ээ.

Аль подкастаас билээ, “хүн болгон өөртөө бодох цагийг гаргадаг бол бүгд л өөрийнхөө хүссэн амьдралаар амьдарна, даанч тоймгүй олон сатаарах зүйлстэй юм даа” гэж билээ. Өөртэйгөө ярилцахад цаг гаргаж, өөрөө өөрийнхөө көүч нь байя даа хэдүүлээ. Бидэнд тулгарсан асуудлын шийдлийг бид л өөрсдөө ухаж гаргавал тэр нь илүү амжилттай байх магадлал өндөр ч юм бил үү?

--

--

Gunsenkhorol Battumur

Хүн бүрд хуваалцах үнэ цэнтэй үзэл бодол, туршлага байдаг. Яагаад гэвэл бүгд өөр өөр замыг туулж амьдарч байгаа шүү дээ. Тэгээд л блогоо нээхээр шийдлээ :)